Газардуулга хийснээр стрессийн даавар болох Кортизолын хэмжээ буурч хэвийн хэмжээнд хүрдэгийг эрдэмтэд судалгаагаар баталсан байна.
Судалгааны мэдээлэл: уг судалгаанд 24-72 насны 4 эрэгтэй, 8 эмэгтэй нийт 12 хүн оролцсон бөгөөд уг хүмүүс нойрны эмгэг, стресс, өвдөлт зэрэг зовиуртай байсан бөгөөд 8 долоо хоногийн турш өөрийн орон дээр газардуулгын гудсан дээр унтсан байна. Судалгааг эхлүүлэхээс өмнө судалгаанд хамрагдагсдын шүлсэн дэх кортизол гормоны хэмжээг шинжилсэн бөгөөд чингэхдээ хоногийн био-хэмнэлийн туршид кортизолын хэмжээг зөв тодорхойлохын тулд 24 цагийн турш 4 цаг тутам сорьц авч хэмжилт хийсэн. Судалгааны туршид уг 12 хүн нойр, өвдөлт, стресс гэх мэт эмнэлзүйн шинж тэмдгийн талаар өдөр бүр тайлагнаж байсан бөгөөд 6 дахь долоо хоногт тэднээс дахин сорьц авч кортизолын төвшинг хэмжсэн байна.
Үр дүн: өдөр тутмын кортизолын профиль хэмжигдэхүйц сайжирсан ба шөнийн цагийн кортизолын хэмжээ илт буурсан байдал ажиглагдав. Судалгаанд хамрагдагсдын 24 цагийн биохэмнэл дэх кортизолын хэмжээ хэвийн болох хандлагатай болсноос гадна нойрны эмгэг, өвдөлт, стресс зэрэг зовиурууд багассан эсхүл бүр арилсан байна.
Дүгнэлт: Үр дүнгээс харахад унтах үед газардуулга хийх нь шөнийн цагаар кортизолын төвшинг бууруулж, кортизолын дааврын шүүрлийг байгалийн 24 цагийн циркадын хэмнэлтэй илүү уялдуулан синхрончилж байна. Өөрчлөлт нь эмэгтэйчүүдэд илүү тод харагдаж байна. Цаашилбал, судалгаанд хамрагдагсдын тайлангаас харахад газардуулгын гудас хэрэглэж унтах нь нойрыг сайжруулж, өвдөлт, стрессийг бууруулж байна. (https://earthinginstitute.net/wp-content/uploads/2016/07/Cortisol-Study.pdf )
СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?
Стресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны оюун ухаан болон бие махбодийн өгч буй хариу үйлдэл юм. Та аюулыг мэдрэх үед бие махбодийг яаралтай бэлэн байдалд оруулдаг стресс гормон болох Адреналин ба Кортизол дааврууд автоматаар ялгарсны дүнд биеийн хариу үйлдэл болон илэрдэг. Эхэн үедээ эдгээр биеийн хариу урвал нь хүнд эрч хүч өгөх , асуудлыг шийдэхэд туслах зорилготой байдаг, жишээ нь таныг тоглоом тоглоход, спортын уралдаан тэмцээнд оролцож байгаа үед анхаарлыг чинь хурцлан төвлөрүүлж, шалгалт өгөхөд тань чиглүүлж , олны өмнө өөрийгөө илэрхийлэхэд зоригжуулж өгнө. Стрессийг өдөөсөн байдал өнгөрмөгц таны мэдрэлийн систем тайвширч, зүрхний цохилт удааширч цусны даралт буурч, буцаж бие организм хэвийн тэнцвэрт байдалд ордог.
СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛААГҮЙ, БУУРУУЛАГҮЙ ҮЕД ЯАДАГ ВЭ?
Бага хэмжээний стресс тустай хэдий ч удаан хугацаанд асуудлаа шийдэхгүй явах буюу стрессийн даавар удаан хугацаагаар ялгарах нь биед хортойгоор нөлөөлж, туслах бус эсрэгээрээ ядрааж, сульдааж эхлэдэг. Хэт их хэмжээний стресс нь хүний ааш араншинг эвдэж, сэтгэлийн дарамтад оруулснаар бусад хүмүүстэй тогтоосон харилцаанд толбо сэв суулган, өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хөдөлмөр, гэр бүлийн уур амьсгал, хичээл сурлагад муугаар нөлөөлж, янз бүрийн хүндрэл үүсгэж болно. Маш хүчтэй, зохицуулж чадахааргүй эсвэл удаан хугацааны байнгын давтамжтай стресст орсон хүмүүс түүндээ автагдан, итгэл алдарч, аливаа зүйлийг хийх хүсэл эрмэлзэлгүй болох талтай. Зохицуулж чадаагүй тохиолдолд стресс нь эрчилсэн пүрш мэт хүч нь өөрөө нэмэгдсээр улам өндөр түвшинд хүрч, удаан хугацаанд биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд хүндрэл учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв та өдрөөс өдөрт дахин давтан хямралд өртөөд байвал сэтгэлийн дарамтаас гарсан хэдий ч эргэж хэвийн тэнцвэрт байдалдаа бүрэн ордоггүй бөгөөд цаашдаа таны эрүүл мэндэд ноцтой асуудал үүсч эхлэх магадлалтай юм.